Спорт, Соёл урлаг
Соёл
Наадам нь Монголд зуны улиралд гурван өдрийн турш болдог хамгийн гол, том баяр юм. Энэ нь Манжийн дарлалаас гарч тусгаар тогтнолоо зарласан өдөр буюу 7 сарын 11-нд болдог байна.
Барилга сууц
Монголын уламжлалт орон сууц нь гэр юм. Монголын уламжлалт уран барилгын үндэсийг Н. Чүлтэм гэр ба майхан байсан гэж үзжээ. 16-17-р зууны хийдүүд нь анх гэр дотор үйл ажиллагаагаа явуулж, томосгох шаардлагатай байсан бол гэрийн загвараар урладаг байжээ. Монголын уран барилгыг гурав ангилдаг: Монгол, Төвд, Хятад, болон энэ гурвын холимог загвар.
Дуу хөгжим
Монгол нь дуу хөгжмийн уламжлал ихтэй. Хөөмий, морин хуур, бусад утсан хөгжмийн зэмсэг, богино ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм.
20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо рок, поп, хип-хоп хөгжимийг залуу дуучид тоглож газар авч байна.
Кино урлаг
Социализмын үед МАХН нь киног ашиглаж өөрийн үзэл, санаануудыг сурталчлах хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950-аад оноос ажилчин ангийн баатруудын сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов.
Ардчилал гарсны дараа кино урлаг тодорхой цаг хугацааны турш доройтсон боловч сүүлийн үед сэргэж байна. Харин Япон-Монголын хамтарсан "Чингис хаан" кино зэрэг гадаадын байгууллагын тусламжтайгаар кино бүтээх, мөн Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямбасүрэн зэрэг бие даасан найруулагчид гарах болжээ. Бямбасүрэнгийн "Ингэний нулимс" кино нь 2005 онд Оскарын шагналын гадаад баримтат кино төрөлд номинацилагдсан байна.
Сүүлийн үед "Ийм нэгэн дурлал", "Надтай гэрлээч" зэрэг залуучуудын сэдэвтэй кинонууд гарч эхэлж байна.
Хоол
Монгол хоол нь голдуу мах, цагаан идээнд тулгуурладаг. Хонь, үхрийн мах нь хамгийн түгээмэл бөгөөд цагаан идээг төрөл бүрийн сүүг боловсруулж хийдэг ажээ.
20-р зуунаас барууны хүнсний ногоонд тулгуурласан хоол нь хоолны дэглэмийн чухал хэсэг болж байгаа.
Спорт
Эрийн гурван наадам болох морины уралдаан, нум сумын харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.
Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.
Сүүлийн үед ширээний теннис, сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортууд нь дэлгэрч байгаа. Ширээний теннисээр олон улсын хэмжээнд монгол тамирчид оролцож болж байна.
Олон улсад
Монгол бөхчүүд Японы сүмо бөхөд маш амжилт гаргах болсон. 2003 онд Асашёорюү нь анхны Монгол ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь нь болжээ.
Одоогоор Монгол улсын тамирчид зуны олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд буй.
Жүдогийн 100 кг-н жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.
Буудлагын төрөлд Монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо Германы иргэн болсон), харин Отрядын Гүндэгмаа болон Цогбадрахын Мөнхзул нь 25 метрийн гар буудлагын төрлөөр 2007 оны 5 сарын байдлаар тус тус дэлхийд 2, 3-т эрэмбэлэгджээ.
Боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байгаа. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. Бадар-Ууган нь мөн 2007 оны Дэлхийн аваргаар мөнгөн медаль хүртжээ.
Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.
Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.