Лизинг гэж юу вэ?
2008-12-08,22:40
Лизинг буюу Lease нь зээлээр олгох гэсэн утгатай англи үг юм. Лизингийн тухай санаа, лизингийн харилцаа нь эрт дээр үеийн түүхтэй гэж түүхчид, эдийн засагчид тэмдэглэдэг. Тухайлбал манай эриний өмнөх 350 оны үед Аристотель "Эзэмших эрхгүйгээр баялгийг ашиглаж болно" гэж өөрийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Энэ нь эзэмшилд байгаа эд хөрөнгөөс тодорхой хэмжээний ашиг орлого олох, өөрөөр хэлбэл тухайн баялаг нь эзэндээ үр шимээ өгч байгаа тохиолдолд жинхэнэ мөн чанар нь илэрнэ гэсэн үг юм. /аливаа хөрөнгийг үр ашигтай болгон хувиргах олон аргын нэгд лизингийн үйлчилгээ ордог/. 11-р зуунд Венецүүд худалдаачдад усан онгоцны моторыг тухайн үедээ маш өндөр үнэтэй эд анги болох Якорыг, 1877 онд Белл компани утасны аппаратыг түрээсээр эзэмшүүлж эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудад өргөн нэвтэрсэн билээ. Манай улсад саяхан хүртэл утасны аппаратыг иргэд байгууллагууд түрээсээр эзэмшиж байсан. Түрээсийн ажилбар эрхэлдэг төрөлжсөн компани 1952 онд америк улсад байгуулагдсан бөгөөд АНУ-ыг Лизинг хэмээх шинэ бизнесийн "эх орон" гэж үздэг юм. Санхүү түрээсийн өсөн нэмэгдэж байгаа, ач холбогдол болон тархаж байгаа хүрээг харгалзан 1998 оны 5-р сард Канадын Отава хотноо "олон улсын санхүүгийн түрээсийн тухай конвенцийг" баталсан байна. Монгол улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийн дотор лизингийн үйлчилгээг зохицуулсан хууль ховор байдаг хэдий ч дараахь хуулиуд зарим бүлэгт заалт орсон.
1. МУ-ын иргэний хуулийн / 2002/ 26-р бүлэгт санхүүгийн түрээс буюу лизингийн тухай
2. МУ-ын банкны тухай хуулийн /1996/ 6,10-т банкны эрхлэх тодорхой төрлийн үйл ажиллагааны дотор санхүүгийн түрээсийн тухай
3. МУ-ын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9-р зүйлд санхүүгийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай
4. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай журамд Банк бус санхүүгийн байгууллагын явуулах үйл ажиллагаанд санхүүгийн түрээсийн тухай
5. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2002.1.3 ний өдрийн МУ-ын хуулиар "хөрөнгө оруулалтын гэрээ гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концессын гэрээ, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг менежмент, санхүүгийн түрээс болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцлийг хэлнэ" гэснээр лизингийг хөрөнгө оруулалт буюу санхүүжилт гэсэн утгаар нь хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж ойлгож болох юм . Санхүүгийн хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэрийн нэг нь лизингийн үйл ажиллагаа юм. Лизинг нь түрээсийн нэг төрөл бөгөөд зээлийн үйл ажиллагаатай төстэй, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын шинж чанарыг агуулдаг. Лизингийн түрээсээс ялгагдах гол онцлог нь түүнд гурван оролцогч байдаг. Лизинг гэдэг нь үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг урт хугацаагаар өмчлөгчөөс ашиглагчдад өмчлөх эрхгүйгээр шилжүүлэн ашиглуулах харилцаа юм. Лизинг нь лизингийн гэрээний үндсэн дээр хэрэгждэг бөгөөд гэрээг лизинг өгөгч ба лизинг авагчийн хооронд байгуулж лизингийн объектыг ашиглах тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Лизингийн зүйл нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болохуйц томоохон тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байдаг. Лизингийг шуурхай лизинг, санхүүгийн лизинг гэж хоёр бүлэгт хуваадаг. Шуурхай лизинг нь нэг гэрээгээр өртгөө бүрэн нөхдөггүй ашиглалтын хугацаанд хэд хэдэн түрээслэгчийг дамжиж болно.
Богино хугацаагаар ашиглаад буцааж өгөх шаардлагатай, улирлын чанартай ашиглагддаг машин механизм тоног төхөөрөмжийг шуурхай лизингийн гэрээгээр ашигладаг. Лизингийн хугацаанаас хамааран лизингийн эд зүйлийн өмчлөлийг ялгаатайгаар авч үздэг. Тухайн эд зүйлийн ашиглалтын дундаж хугацааны 40-90 хувьд нь лизингийн гэрээ байгуулагдсан бол лизинг олгогч нь өмчлөгч болох бөгөөд ашиглалтын дундаж хугацааны 40 хувь хүртлэх хугацаатайгаар лизинг олгосон бол лизинг авагчийн үнийг хэсэгчлэн төлж худалдан авч буй худалдан авагч гэж үзэн түүнийг өмчлөгч гэж тооцно. Харин ашиглалтын дундаж хугацааны 91-ээс дээш хувьд нь лизингийн гэрээ байгуулан ашиглаж байгаа бол зээлээр худалдан авсан худалдан авагч гэж үзэн мөн өмчлөгчид тооцно. Санхүүгийн лизинг нь хөрөнгө оруулалтыг орлоно. Өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхийн оронд түрээсэлж авна. Тоног төхөөрөмжийн үнийг түрээслүүлэгч төлж түрээсийн гэрээгээр түрээслэгчид ашиглуулна. Энэ нь хоёр талд харилцан ашигтай байдаг. Санхүүгийн лизингийн гэрээ үйлчилж байх хугацаанд объект нь бүрэн элэгдэж хоргоддог бөгөөд лизингийн төлбөрөөр түүний ихэнх хэсгийг эсвэл бүрэн барагдуулна. Амьдрал дээр ихэнхдээ бүтээгдэхүүний элэгдэл хорогдлын хэмжээ 70-80 хувь хүртэл лизингийн гэрээ байгуулдаг байна. Энэ нь санхүүгийн лизинг бусад төрлийн лизингүүдээс ялгагдах гол онцлог бөгөөд бусад тохиолдолд хөрөнгийг дахин түрээслэх боломжтой байдаг. Урт хугацаагаар олгогдож байгаа хөрөнгө бүрэн хорогддог ба лизингийн гэрээнд өөрөөр заагаагүй бол лизинг авагчид хөрөнгө бүрэн шилждэг.
Түрээслэгчийн хувьд: - Хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдэхээс өмнө хэрэгцээгээ хангах - Чөлөөтэй санхүүгийн нөөцөөр өндөр өгөөжтэй үнэт цаас бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулж өсгөх буюу бусад зайлшгүй өндөр өгөөжтэй зүйлд зарцуулах - Татвар ноогдуулах объектыг бууруулах - Техникийн дэвшлийг ашиглах боломж бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой Түрээслэгчийн хувьд: - Борлуулах зах зээлээ олох - Бизнес- эрхэлж орлого олох бололцоог бүрдүүлэх Олон улсын хэмжээнд лизингийн олон хэлбэрүүд байдаг. Стандарт лизинг үйлдвэрлэгч буюу нийлүүлэгч тоног төхөөрөмж техник хэрэгслээ санхүүжүүлэх компаниудад / лизингийн / худалдана. Лизинг компани түүнийг ашиглагчид түрээсэлэнэ. Энэ нь нийтлэг хэлбэр юм. Буцах лизинг Тоног төхөөрөмжийн эзэн лизингийн компанид худалдаад буцааж өөрөө түрээсэлж ашиглана. Өмчийн эзэн санхүүгийн хүндрэлд орсон үед эх үүсвэр олох зорилгоор энэ төрлийн лизинг санал болгож болно.
"Нийлүүлэгчид" - лизинг Худалдагч түрээслэгч болно. Гэхдээ буцах лизингээс ялгаатай. Буцах лизингийн үед худалдагч өөрөө түрээсээр ашигладаг бол "нийлүүлэгчид" лизингийн үед түрээсэлж авсан тоног төхөөрөмжөө цааш нь түрээслүүлнэ. Өөрөөр хэлбэл давхар түрээсийн харилцаа үүснэ. Хөнгөлттэй лизинг Лизингийн төлбөрийг түрээсэлсэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр төлдөг хэлбэр юм. Сэргээгдэх лизинг Түрээсэлсэн тоног төхөөрөмжийг түрээслэгчийн хүсэлтээр шинэ дэвшилтэт загвараар сольж олгохоор хийгдсэн лизинг юм. Техникийн дэвшлийг тухай бүрт нь ашиглах сонирхолтой газрууд энэ хэлбэрийг илүүд үзэх юм. Бусдаас татсан хөрөнгөтэй лизинг Түрээслүүлэгч санхүүгийн хүртээмжтэй эх үүсвэртэй хөрөнгө оруулагчдаас түрээсийн үнийн тодорхой хувьтай тэнцүү зээл авч түрээслүүлэх хөрөнгийг худалдан авна. Зээлдүүлэгчид нь урт хугацаанд зээлдүүлэх бололцоотой арилжааны болон хөрөнгө оруулалтын банкууд байдаг. Банкууд лизингийн хэлэлцээрийг хоёр аргаар санхүүжүүлдэг. Үүнд -Түрээслэгчид зээл олгох -Түрээслүүлэгчээс түрээсийн авлагыг худалдан авах Сонгодог гурван талт лизингээс гадна олон талт лизинг сүүлийн үед ихээхэн хөгжиж байгаа.