Төгрөг бус ам.доллар шүтсэн Монголчууд
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг. Тэгвэл монголчуудын чихэнд юу ч хэлсэн сэгсэрдэг болоод удаж. Үүний нэг жишээ нь ам.доллараар худалдаа хийдгээс харж болно. Ер нь монголчууд үндэсний мөнгөн тэмдэгт бус гадаад валютад хамгийн ихээр итгэдэг. Худалдааны салбарынхан болж өгвөл ам.доллараар бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгөө үнэлнэ. Тэгээд болоогүй тухайн өдрийн ханшаар бодно гээд томоохон зарлалын самбар ажиллуулчихна. Монголчууд ч үүндээ дасал болж ийм л байх ёстой мэт өнгөрүүлнэ. Тэгвэл гадаадын иргэд ирээд байр хөлсөлье гэхэд сарын төлбөрийг ам.доллараар.
Бүр цаашлаад машин авъя, цахилгаан бараа гээд бүхий л зүйлээ ам.доллараар үнэлчихдэг. Тэгэхээр харийн зочид чинь Монголын мөнгөн тэмдэгт доллар гэсэн буруу ойлголт төрүүлэх болжээ. Энэ мэтээр доллараар төлбөр тооцоо хийх болсон үнийн өсөлтийг дагуулж байгаа. Хэрэв энэ зах зээлийн буруу жишгийг арилгахгүй бол эдийн засгийн хүндхэн хямралд орж болзошгүй гэж эдийн засагчид анхааруулаад байгаа. Энэ тухай сүүлийн хэдэн жил байнга ярьдаг ч өнөөдрийг хүртэл засал авсангүй. Харин ч иргэд төгрөгт бус валютад итгэдэг хэвээр. 2008 оны статистик мэдээллээс харахад арилжааны банкинд хадгаламж эзэмшиж байгаа иргэдийн дийлэнх нь валютын хадгаламж нээлгэсэн. Үүнийг дагаад төгрөгийн хадгаламж буурсан үзүүлэлт гарсан байх юм.
Монгол банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 1-д зааснаар "Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэж байна" хэмээн тусгажээ. Харин Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 1999 орны тоот хамтарсан тушаалд "Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх төрлийн ажил, үйлчилгээ, зар сурталчилгаа, аливаа үнийн санал болон тарифыг зөвхөн Монгол Улсын үндэсний валют-төгрөгөөр илэрхийлж байсугай" гэж заасан байдаг. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар аливаа ажил үйлчилгээ, үнэ ханшийг үндэсний валютаар буюу төгрөгөөр хийх журам зөрчигдөж байгаа талаар ярилцсан. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүн импортлогчид татвараа төгрөгөөр төлж байхаар болсон билээ. Гэвч Монголын хууль гурав хоногийн үлгэр үргэлжилсээр. Учир нь өдөр хэвлэгдэн гарч байгаа зарууд дээр орон сууц, автомашины нэрлэсэн үнийг ам.доллараар тооцно хэмээн зарласаар л байна.
Үүнд хяналт тавьдаг байгууллага, хүн өнөөдөр хаана юу хийж яваа нь тодорхойгүй. Ингэж хууль журам гаргасан нэртэй байтал үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг бэлэг дурсгалын цаас болох нь байна.
Эх үүсвэр... Гого.Мн