Санхүүгийн түрээс
Энэ хаврын чуулганаар Улсын Их Хурал эдгээр хуулийг баталсан билээ. Ингэснээр манай улсад лизингийн үйлчилгээ хөгжих эрх зүйн орчин бүрдэж буй. Энэ удаагийн “ЗМ”-ний лавлах булангийн сэдэв “Санхүүгийн түрээс буюу лизинг”Орчин үеийн санхүүгийн түрээс буюу лизинг 1950-иад оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн боловч эртний Грекийн гүн ухаантан Аристотель хамгийн анх лизинг гэж юу болох талаар тодорхойлсон гэдэг.
Тухайлбал, түүний хэлсэнчлэн “Өмчийг өмчлөх бус, харин ашиглах эрх эдлэх нь жинхэнэ баялаг” гэдэг нь лизингийн мөн чанарыг яг цав тодорхойлсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн компаниуд ашиг олохын тулд өмч хөрөнгийг заавал өмчлөх шаардлагагүй. Харин тодорхой хугацаанд ашиглах эрхтэй байхад л хангалттай аж. Санхүүгийн түрээс нь хоёр талын гэрээ бөгөөд гэрээнд оролцогч нэг тал (түрээслүүлэгч) нь нөгөө тал (түрээслэгч)-ын хэрэгцээнд тодорхой хугацаатай хөрөнгө олгож түүнийхээ төлөө тохирсон хэмжээний төлбөр авахыг хэлдэг. Тодруулбал, санхүүгийн түрээсийг үндсэн хөрөнгөд оруулж буй санхүүжилт гэж хэлж болно.
Юугаараа давуу вэ
Санхүүжилтийн бусад хэлбэртэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай. Тухайлбал мөнгөний урсгалыг удирдах боломжийг бизнесийн байгууллагуудад олгодог, мөн харцангүй бага баталгаа болон барьцаа өмнөх зээлийг төлсөн байх зэргийг шаарддаг. Өөр нэг давуу тал нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд санхүүжилтийн уламжлалт эх үүсвэр болох банкны зээлтэй харьцуулахад илүү урт хугацаатай байдаг.
Yйл ажиллагааны ба санхүүгийн түрээс
Түрээсийг үйл ажиллагааны болон санхүүгийн гэж ангилдаг. Санхүүгийн түрээс нь түрээслүүлэгч эд хөрөнгийн өмчлөгч хэдий ч өмчлөлтэй холбоотой бүх эрсдэл болон өгөөжийг түрээслэгчид шилжүүлэх гэрээ юм. Yүний эсрэг, үйл ажиллагааны түрээс нь түрээслэгч эд хөрөнгийг ихэвчлэн богино хугацаанд ердийн түрээсээр ашиглах гэрээ юм. Yйл ажиллагааны түрээсийн үед засвар үйлчилгээ хийлгэх болон эд хөрөнгийг даатгуулах хариуцлагыг түрээслүүлэгч хүлээх бөгөөд тэрээр олон удаагийн түрээс болон эцэст нь түрээсийн эд хөрөнгийг борлуулснаар зардлаа нөхөж ашиг олно.
Санхүүгийн түрээсийн үндсэн шалгуур
1. Түрээсийн хугацаа дуусахад хөрөнгө өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх
2. Түрээслэгч нь түрээсийн хугацааны эцэст эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс доогуур үнээр тохиролцож худалдан авах эрхтэй байх
3. Өмчлөх эрх нь шилжээгүй хэдий ч түрээсийн хугацаа нь түрээсэлсэн хөрөнгийн ашиглалтын ихэнх хугацаа байх
4. Эхэнд тогтоосон түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ нь уг түрээсэлсэн хөрөнгийн бараг бүх бодит үнэ цэнтэй наад зах нь дүйцэж байх
5. Түрээсэлсэн хөрөнгө нь тусгай шинж чанартай байх бөгөөд зөвхөн түрээслэгч түүнд томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашигладаг байх Эдгээр шалгуурын аль нэгийг хангаагүй бол үйл ажиллагааны буюу ердийн түрээс болдог аж.
Санхүүгийн түрээс, зээлийн ялгаа
Түрээслэгчийн байр сууринаас авч үзвэл зээл болон санхүүгийн түрээсийн хооронд ганц л бодит ялгаа байдаг. Энэ нь эд хөрөнгө зээлээр авахад өмчлөгч нь түрээслэгч, харин санхүүгийн түрээсээр авбал өмчлөгч нь түрээслүүлэгч байдагт оршино.
Зээл болон санхүүгийн түрээсийн ижил төстэй талууд
- Зээлдэгч болон түрээслэгч нь худалдаж авах эд хөрөнгийг сонгох боломжтой
- Зээлдэгч болон түрээслэгч түрээсийн гэрээний заалтыг хангасан нөхцөлд төлбөр тооцоог бүрэн хийсний дараа эд хөрөнгийг эзэмших бололцоотой
- Зээл болон түрээсийн хугацаанд хүү болон үндсэн зардал (тоног төхөөрөмжийн үнэ өртөг)-ыг буцааж төлнө
- Зээл болон түрээсийн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлийг баталгаажуулсан нөхцөлд зээлдүүлэгч болон түрээслүүлэгч эд хөрөнгийг эргүүлэн авах боломжтой
- Засвар үйлчилгээ хийх, элэгдэж хорогдох, хуучрах зэрэг өмчлөлтэй холбоотой эрсдэл, зардлыг зээлдэгч болон түрээслэгч хариуцна. Мөн зээл авах, түрээслэхэд эд хөрөнгийн үнэ цэнэ өсөх тохиолдолд зээлдүүлэгч, түрээслүүлэгчийн хэн нь ч үүнд үл хамаарна.
- Зээлдэгч буюу түрээслэгч /санхүүгийн түрээсийн үед/ тохиролцоонд хүрэх болон зээлийг хугацаанаас нь өмнө эргүүлэн төлж болно.
Лизинг манай улсад…
Монгол Улсын хэмжээнд үндсэн хөрөнгийг лизингээр худалдах үйл ажиллагааг ихэвчлэн банк, банк бус санхүүгийн байгууллага мөн тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд санхүүжүүлж байна. Донор байгууллагын санхүүжилттэй төсөл нь ихэвчлэн үйл ажиллагааны лизингийг илүүтэй сонирхдог. Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллагууд мөнгөн дүнгээрээ лизингэд хамгийн их санхүүжилт оруулж байна. Нийт түрээсийн 40 орчим хувийг банкууд, харин үлдсэн гурав орчим хувийг банк бус санхүүгийн байгууллага эрхэлдэг байна. Банкууд ихэвчлэн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд нь хүнд тоног төхөөрөмж санхүүжүүлдэг юм. Банкуудын лизингийн дундаж хэмжээ 340 ам доллар, тоног төхөөрөмжийн компаниудын лизингийн дундаж хэмжээ нь 35.117 ам доллар байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй 17 банкны долоо нь лизинг эсвэл лизингийн зээл гэсэн үйлчилгээг эрхэлдэг. Эдгээр нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Зоос банк, Хаан банк, Анод банк юм. Банкууд олон төрлийн лизингийн үйлчилгээ санал болгож байгаагийн ихэнх нь хэрэглээний бараа буюу гар утас, гэр ахуйн бараа, тээврийн хэрэгсэл юм. Зарим тохиолдолд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг лизингээр худалдахад санхүүжилт олгодог. Банкууд зээлийн бүтээгдэхүүнүүдээ зах зээл дээр амжилттай борлуулж, чөлөөт эх үүсвэрээр бүхлээр нь ашиглаж байгаа тул тэдгээрт лизингийг сонгодог утгаар нь хөгжүүлэх сонирхол байдаггүй.
Гэр ахуйн бараа болон тээврийн хэрэгслийг лизингээр санхүүжүүлж буй банкууд тухайн тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Банкууд лизингээр хөрөнгө санхүүжүүлсэн зарим тохиолдолд тухайн нийлүүлэгч компаниас үнийн урамшуулал авдаг ч түрээслэгчид үүнийг мэддэггүй.
Санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүн
Манай улсад лизингээр үндсэн гурван төрлийн хөрөнгийг санхүүжүүлж байна. Эдгээр нь хэрэглээний бараа (цахилгаан болон гэр ахуйн бараа гэх мэт), тээврийн хэрэгсэл (шинэ болон ашигласан хувийн унаа тэрэг), үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж юм.
Хэрэглээний бараа
Тээврийн хэрэгсэл, хэрэглээний барааны лизингийн нөхцөлд хугацаа 12 хүртэл сар байх ( зарим тохиолдолд 24 хүртэл сар), урьдчилгаа төлбөр нь 20-30 хувь, хүү нь 1.1-3 хувь байдаг. Хэрэглээний барааг лизингээр олгох үйлчилгээг ихэвчлэн банкууд эрхэлдэг. Лизингийн нийт гэрээний зөвхөн 1.2 хувь нь нэг жилээс дээш хугацаатай. Нийлбэр дүн нь нийт түрээсийн 13.3 хувьтай тэнцүү байна.
Хүнд тоног төхөөрөмж
Лизингээр олгосон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийт дүнд уул уурхайн салбарынх дийлэнх хувийг эзэлж байна. Уул уурхайн тоног төхөөрөмжийн үнэ бусад салбарынхтай харьцуулбал өндөр тул компаниудын хувьд эдгээрийг шууд буюу зээлээр худалдан авах боломж тэр бүр байдаггүйтэй холбоотой байж болно. Уул уурхайн тоног төхөөрөмжийн лизингийн жилийн хүү 12-18 хувь байна. Энэ нь зах зээлийн хүүгээс бага бөгөөд үүний шалтгаан нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд нь тоног төхөөрөмжөө лизингээр бус, шууд борлуулах илүү сонирхолтой байдагтай холбоотой.
Тээврийн хэрэгсэл
Хэдийгээр хувийн тээврийн хэрэгсэл нь хэрэглээний зүйлд багтах боловч тусад нь ангилж ирсэн. Бүртгэхэд хялбар, зах зээлийн үнэ нь тодорхой тул тээврийн хэрэгсэлийг лизингээр санхүүжүүлэх сонирхол их байдаг. Хувийн тээврийн хэрэгслийг лизингээр авах эрэлт хэрэгцээ их байгааг Улаанбаатар хотод ажилладаг такси компаниудын үйл ажиллагаанаас харж болох юм.