Нэг өрх 3-5 мод тарьвал нийслэл ногоорно
2010-05-01,19:50
Засгийн газраас баталсан "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 30 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар 3400 км ойн зурвас байгуулахаар зорьж байгаа. Энэ онд 106 га газар ойжуулахаар төлөвлөсөн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас "Монголоо ногооруулъя" аян зарлаж, бүх аймгийн Засаг дарга болон БОАЖГ-т аялах туг дэвтэр, ажлын удирдамж хүргүүлэн, орон даяар мод тарих ажил өрнүүлж байна. Мөн улсын хэмжээнд бүх аж ахуйн нэгж, иргэдийн дунд "Тэргүүний ойжуулагч" уралдааны болзол зарласан. Нийслэлд Баянзүрх дүүргээс эхлэн энэ ажил идэвхтэй явагдаж байгаа юм.
Засгийн газрын "Ногоон хэрэг" үндэсний хөтөлбөр ажлын албаны дарга доктор профессор ААвирмэдтэй ярилцлаа.
-Иргэдийг мод тарихад ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Аж ахуйн нэгж, иргэдийг мод тарихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын төсвөөс гаргах хөрөнгө бага байгаа. Гэхдээ иргэд мод тарьсан нөхцөлд урамшуулал хэлбэрээр мөнгө олгоно. Мөн "Ногоон хэрэм 2010"үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг га талбайд 500-аас дээш мод тарималжуулсан нөхцөлд 1.1 сая төгрөг олгох болно. Үүнээс гадна, аж ахуйн нэгж таримал ойг бий болговол түүнийг нь худалдаж авах журам гарчихсан. Ойг нөхөн сэргээх чиглэлээр мөн нэг га-д 200-300 мянган төгрөгийн санхүүжилт хийнэ.
-Гаднаас хэр их мод оруулж ирдэг вэ. Манайд дасан зохицож ургах нь хэр байдаг бол?
-Дотоодын аж ахуйн нэгжүүдээс гадна гадаадаас мод нэлээд хэмжээгээр орж ирдэг. Гэхдээ монгол орны уур амьсгалд дасан зохицох боломжтой мод ургана. Мэргэжлийн хэллэгээр ургамлын ургалтын хугацаа гэж бий. Улаанбаатар хот орчимд 90-100 хоногт модлог ургамал ургадаг. Харин Европын орнуудад 150-180 хоногт ургадаг учир ургалтын хугацаа зөрүүтэй байдаг. Мөн хур тунадасны хэмжээ өөр байна. Энэ бүгдийг харгалзан үзэж, сонгож авах хэрэгтэй.
-Улаанбаатар хотын орчимд зам дагасан цэцэрлэгүүдэд мод тарьдаг. Гэтэл өнөөх нь ургалгүй хатах тохиолдол бий?
-Хөрс их бохирдолтой. Тиймээс мод ургана гэсэн найдвар ховор. Гэхдээ сайн тордоод, арчилгаа хийвэл мод ургах боломж бий. Улаанбаатар хотын хэмжээнд нэг хүнд 12-16 метр ногоон байгууламж ногддог. Үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд модыг зөв сонгох нь чухал. Жишээлбэл, говь хээрийн бүсэд ургадаг модыг Улаанбаатарт авчирч суулгавал ургалтын хугацаа гүйцэхгүй. Ургасан ч намрын хүйтрэлээр үхэлд хүрдэг. Тиймээс мэргэжлийн зөвлөмжийг сайн авч байж тарьж, суулгах хэрэгтэй.
Мөн гэр хороололд амьдардаг айл өрх хашаандаа 3-5 мод тарьчихвал Улаанбаатар хот ногоорох боломжтой. Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих өдрийг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Хэрэв энэ нь хэрэгжвэл нэг удаагийн мод тарилтаар сая гаруй модтой болно шүү дээ. Тэгэхээр модыг тарьж, суулгачихаад орхиж болохгүй. Мод болж төлөвших хүртэл нь хариуцах ёстой. Жишээлбэл, хүүхэд төрүүлээд халамжилж өсгөдөг шүү дээ. Тиймээс мод тарьчихаад доод тал 3-5 жил арчлах шаардлагатай.
-Тэгэхээр иргэн бур мод тарьвал дотоодын модны хэрэгцээ хангагдаж чадах уу?
-Мод, сөөгний тарьц, суулгац бий болж байна. Ерөнхийдөө 1-2 жил хангах боломж бий. Тиймээс эдийн засаг, чанар, гоёл чимэглэлийн ач холбогдлоор нь өрсөлдөх боломж бий болно. Дотоодын аж ахуйн нэгж мод их тарьдаг болсон байна. Үүнтэй зэрэгцээд гаднаас мод орж ирэх болсон.
-Аж ахуйн нэгж, иргэд мод тарих аяны хүрээнд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Өмнө нь идэвхтэй оролцдоггүй байсан. Харин сүүлийн 2-3 жилд идэвхтэй оролцож байгаа. Үүнд, төр засаг бодлого явуулж, "Ногоон хэрэм" хөтөлбөр, сурталчилгаа, сургалтуудыг өргөн хэмжээгээр зохион байгуулсны үр дүнд аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцох болсон. Мөн мод үржүүлэх төвийг байгуулж олон мянган тарьц, суулгац бий болгож байна. Үүнээс гадна, гадаадын байгууллагаас хямд үнэтэй, чанар муутай мод оруулж ирэх тохиолдол байна. Тиймээс бид үүнтэй тэмцэж орон нутагт дасан зохицох унаган модыг тарималжуулах нь чухал.
-Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд нэлээдгүй мод тарьсан. Эдгээр модны ургалт хэр байгаа бол?
-Улаанбаатар хотын гудамжинд шилмүүст, нарсыг их хэмжээгээр тарьсан. Энэ нь буруу. Яагаад гэхээр мод үржүүлгийн бойжуулах талбайгаас үржүүлэн суулгасан нарс Улаанбаатар хотын гудамжинд ургах боломж бий. 5-8 настай, 60-аас нэг метр 30 см өндөртэй нарс ургах боломжтой. Харин ууланд, байгалийн аясаар ургаж байгаа 5-10 метр өндөр моддыг авчирч суулгах нь маш их муу. Унаган хөрсөн дээр өөрийн аясаар ургаж буй модыг шилжүүлэн суулгахад муу байдаг юм.
-Гадаад улс оронд модыг хэрхэн тарьж, ургуулдаг бол?
-Жишээлбэл, Солонгос улсын мод үржүүлгийн газарт тарьсан таримал ойгоо шилжүүлэн суулгах чиглэлээр шийддэг. Биологийн идэвхтэй бодисуудыг дуслын тариа шиг гуурстай юм зүүгээд хөрсөнд нь тэжээл өгч байдаг. Харин манайд хомсхон байдаг. Мод тарьлаа, суулгалаа гэж зурагтаар нэг гаргаад болчихдог. Гэхдээ 2-3 жилд мод, модоороо байна. Гэвч цаашид ургах боломжгүй болдог юм. Яагаад гэвэл үндэстээ тэжээл муу авч байна. Ойд байгаа хөрс шиг хөрс Улаанбаатарт байхгүй. Үүнээс гадна, хөрсний бохирдол их өндөр. Арчилгаа муу. Усалгааг бага байна. 10-аад жилийн өмнө машин усаа цацаад явдаг байсан. Мөн мод, ургах уу үгүй юу гэдэгт мэргэжилтнүүдийн дунд ярилцлага зохион байгуулж болно. Хамгийн гол нь тариад үхүүлэх бус тариад ургуулах ёстой.
-Үзэсгэлэнгийн үеэр иргэд хэр оролцож байна вэ. Мод тарьж суулгах мэдлэг хэр байна вэ?
40 гаруй аж ахуйн нэгж болон иргэд оролцож байна. Үзэсгэлэнг сонирхож ирсэн иргэдэд эрдэмтэн, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага зөвлөгөө өгч байгаа.
-Цөлжилт эрчимтэй явагдаж буй бүс нутагт ямар ажил хийгдэж байгаа бол?
-Орчноо ногооруулж байгаа нь цөлжилттэй тэмцэж буйн нэг хэлбэр мөн. Цөлжилт эрчимтэй явагдаж буй бүс нутагт ойн зурвас зохион байгуулж байна. Үүнд 14-18 аймаг оролцож мод тарьж байгаа. Гэхдээ хүн амаас шалтгаалсан цөлжилт гэж байна. Мөн байгалийн аясаар цөлжиж байна. Цөлжилттэй тэмцэж мод тарихад усалгааны асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Ус хаана байна тэнд л мод ургана. Тиймээс байгалийн урсгал ус, булаг шанд, газрын доорх усыг зориудын аргаар гаргаж ирээд худаг байгуулж болно.
Т.Дашмаа http://www.niigmiintoli.mn/