Чи явлаа.
Чи явчлаа ...
Чив чимээгүй боллоо
Хүний өөрийн олны
Хүүрнэх яриа намдаж
Хүүхэд хөгшид бүхний
Хүчит шуугиан зогсож
Алиа үг, инээд хоёр
Агаарт царцах шиг
Асаасан тамхины утаа
Атираад хөшчих шиг
Цай буцалсан чигтээ
Тагаа түлэн хатуурч
Цаг цохилсон чигтээ
Таг чиг болох шиг...
Эргэн тойрон нам гүм болов
Элдвийн гэрэл сүүмийн сүүмийн бүдгэрэв
Өөрийн минь мэдэрч байгаа эл амьдрал
Өчүүхэн бээр нам гүм зогсов
Ингэж чи минь явчлаа
Инээж бяцхан гараа өргөөд
Хүн хүний хэлдэг БАЯРТАЙ гэдгийг
Хэнэг ч үгүй хэлээд явлаа
Олон зочин ирсэн, шуугисан
Онцын завгүйд чи явчлаа
Оройн наран сүүмийнхэн
Салхи сэнгэнэхэд чи явчлаа
Онгорхой орхисон хашааны гулдан хаалга
Овилгогүй согтуу мэт савж салбахад чи явчлаа
Гадаа уяатай бяцхан шар гөлөг
Гаслан гангинан цовхчиж байхад чи явчлаа
Явахдаа чи энэ гэр дотроос биш
Яая даа гэсэн зүрхэн дотроос гараад
Уйлан байгаа зүрхийг орхиж
Дуулан одох мэт чи явчлаа
Ганьхарсан зүрх минь энэ гөлөг шиг
Гашлан гангинан цовхчиж байна
Хөрч гүйцсэн дөчин хоёр нас минь
Хөх төмөр гинж мэт харжигнан чангааж
Ийнхүү би үлдэж, чи явчлаа
Ирэх нь магад учирах нь олон гэлээ ч
Итгэл багахан бүүдгэр өдрүүдийн минь өмнөөс
Идэр багахан төлөөлөгч хүн төрөлхтний маргааш өөд
Инээсээр зүү мэт биеэ цэмцийлгэнхэн одлоо
Шүлэг бичдэг үеийн минь үүрийн гэгээ шиг тунгалагхан зүстэй
Шүлгийн минь амт мэт анхил улаахан уруултай
Шүлэг бичээ нь үгүй цаас мэт цав цагаахан шүдтэй
Шүлэг бичих гэж байгаа бэх мэт хав хар нүдтэй
Ийм нэгэн сайхан бүсгүй
Ид арван естэй бүсгүй
Тэргэл сарны завсарт
Тэргэл сарны гэрэл мэт дүүрэн
Эр хүний сүнс мэт цэвэрхэн
Эх нутгийн дуу мэт цээлхэн
Эрх чөлөө мэт омог бардам
Эхний дурлал мэт үзэсгэлдэн төгс
Алс үзүүр нь үл харагдах
Амьдралын замаар тэмцлийн талбар луу
Айх өчүүхэн ч зүйлгүй зориг золбоо төгс
Чи явчлаа ..
Р. Чойном
Эх сурвалж: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=3060